Өвөр Монголын Анагаахын их сургуулийн
гадаад оюутны бүртгэл болон дүнгийн
удирдлагын захирамж
Гадаад оюутны сургуулийн бүртгэлийн ажлыг сайжруулах, тэдний сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд “Их дээд сургуулийн гадаад оюутан хүлээн авах журам”-г сургуулийн боловсролын тогтолцоотой уялдуулан доорх заалтыг гаргасан болно.
Нэгдүгээр бүлэг. Сургуульд элсэх болон бүртгүүлэх
Нэгдүгээр заалт. Элсэгч нь өөрийн паспорт,Өвөр Монголын анагаахын их сургуулийн элсэлтийн хуудас, Хятадад суралцагч гадаад оюутны JW202 хүснэгт, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн бичиг болон гадаад иргэдийн эрүүл мэндийн хуудас зэрэг бичиг баримтыг заасан хугацааны дотор олон улсын боловсролын институтэд хүргэж өгч бүртгүүлнэ. Заасан хугацаанд ирж амжихгүй болсон оюутан олон улсын боловсролын институтэд өргөдөл гарган чөлөө авах ба чөлөөний хугацаа хоёр долоо хоногоос хэтэрч болохгүй. Чөлөө авалгүй эсвэл чөлөөний хугацаа хоёр долоо хоногоос хэтэрсэн тохиолдолд сургуульд элсэх эрхийг хүчингүй болгоно.
Хоёрдугаар заалт. Гадаад оюутан нь бүртгэлээ хийсний дараа эрүүл мэндийн үзлэгт орно. Хэрэв биеийн байдал муу тохиолдолд чөлөө аван эмчлүүлэх шаардлагатай бол албан ёсны бичиг баримтыг бүрдүүлэн чөлөө авах ба суралцаагүй хугацаанд оюутны хангамжийг олгохгүй болно.
Биеийн байдал сайжирсны дараа үзлэгт орон баталгаажуулж, дараагаар сургуульд элсэх болон дахин үргэлжлүүлэн суралцах өргөдөл гаргана. Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй, мөн хоёр долоо хоногийн дотор чөлөөгөө сунгаагүй тохиолдолд оюутны бүртгэлээс хасагдана.
Гуравдугаар заалт. Нэг семистрээс илүү хугацаанд суралцсан оюутан шинэ хичээлийн улирал эхлэхэд өөрийн паспорт болон сурагчийн үнэмлэхээ авчран олон улсын боловсролын институтэд ирж бүртгүүлэх ба хичээлийн улирал эхэлснээс хоёр долоо хоногийн дотор бүртгүүлээгүй оюутны суралцах эрхийг хасна.
Дөрөвдүгээр заалт. Өөрийн зардлаар сурч буй оюутан шинэ хичээлийн жил эхлэхэд сургалтын төлбөр болон байрны төлбөрөө төлнө. Заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд оюутны бүртгэлд бүртгэгдэхгүй ба хэрэв санхүүгийн хүндрэлтэй оюутан бол сургуульдаа өргөдөл гарган төлбөр төлөх хугацааг сунгаж болно.
Гэвч хичээл эхлээд зургаан долоо хоногт багтаан төлөхгүй бол суралцах эрхийг хасна.
Тавдугаар заалт. Шинэ хичээлийн жилийн эхний улиралд олон улсын боловсролын институтээс оюутны цахим бүртгэл мэдээллийг хариуцан хийдэг ба хэрэв өмнөх бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд сургалтын албад болон бусад хамаарал бүхий газар мэдэгдэнэ.
Хоёрдугаар бүлэг. Ирц, чөлөө авах болон цуцлах журам
Зургаадугаар заалт. Гадаад оюутан нь өөрийн ухамсраар сургуулийн дэг журам, сахилга батыг сахиж, хичээл таслахгүй,хоцрохгүй байна.
Долоодугаар заалт. Оюутан нь чөлөө авахдаа доорх зүйлийг анхаарах:
1. Өвчний улмаас чөлөө авах бол эмнэлэгийн үзлэгийн хуудас, хэрэг явдлын чөлөө авах бол шалтгааныг тайлбарлаж нотолгоог хавсаргана.
2. 3 хоног дотор чөлөө авах бол оюутан өөрөө чөлөөгөө авах, 3-7 хоног дотор бол харьяа институтийн зөвшөөрлийг авах, нэг долоо хоногоос дээш бол харьяа институт болон сургуулийн захиргааны зөвшөөрлийг авна.
3. Чөлөөг урьдчилж авах ба онцгой тохиолдолд дараагаар нөхөж өгөхийг зөвшөөрнө.
4. Чөлөө авах хугацаа дуусмагч гадаад оюутан хариуцсан хэлтэст очин чөлөөгөө цуцлуулна. Хэрэв чөлөөний хугацаа дууссан ба түүнийгээ сунгах шаардлагатай ч өөрийн биеэр сунгах боломжгүй тохиолдолд эцэг эхийн зөвшөөрлөөр хэн нэгнийг итгэмжлэсэн гэсэн бичиг гаргуулж чөлөөг сунгана.
Наймдугаар заалт. Гадаад оюутан нь Хятадын бүх нийтийн баяр болон хуульд заасан амралт, өвөл зуны амралтаар амрах ба өөрийн улсын баяр ёслолоор сургууль нийтээр амрахгүй болно.
Есдүгээр заалт. Чөлөө аваагүй тохиолдолд хичээл тасалсанд тооцох ба уг тоо зааснаас давбал шалгалтанд орох эрхийг хасч, “Өвөр Монголын анагаахын их сургуулийн гадаад оюутанд оноох шийтгэл”-ийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ.
Гуравдугаар бүлэг. Дүнгийн шалгуур болон тэмдэглэл
Аравдугаар заалт. Гадаад оюутан нь сургуулиас тогтоосон хичээлүүдийг судлах ба клиник дадлагад гарах ёстой. Шалгалтын дүн болон дадлагын тодорхойлолт нь оюутны хувийн хэрэгт тэмдэглэгдэнэ. Ямар нэгэн шалтгаангүйгээр шалгалтанд оролцоогүй тохиолдолд шалгалтын дүнг тэглэж, дахин шалгалтанд орох эрхийг хасна.
Арван нэгдүгээр заалт. Гадаад оюутан нь англи хэл, улс төрийн төрлийн хичээл, цэргийн онол, ажил олох заавар сургалт, төрийн бодлого зэрэг хичээлд суух шаардлагагүй.
Арван хоёрдугаар заалт. Заавал судлах хичээл болон сонгон судлах хичээлийн дүн нь шалгалт болон шүүлэг хоёроос бүрдэх ба жилийн эцсийн шалгалтын дүн 60-с дээш гартэнцэнэ.
Арван гуравдугаар заалт. Мэргэжил тус бүрийн оюутан жилийн эцсийн шалгалтанд тэнцээгүй тохиолдолд давтан шалгалтанд орно. Дахин шалгалтанд тэнцээгүй тохиолдолд төгсөхийн өмнө дахин шалгалтанд орох ба үүнд тэнцээгүй тохиолдолд оюутанг төгсгөхгүй бөгөөд гурван сарын дотор сургуулийн сургалтын албад өргөдөл гарган шалгалтанд орж, тэнцсэн тохиолдолд гэрчилгээгээ гардаж авна.
Арван дөрөвдүгээр заалт. Шалгалтын хуваарийн дагуу шалгалтанд орох боломжгүй оюутан өөрийн бичиг баримтаа аван институтдээ өргөдөл гарган, зөвшөөрөл авч сургалтын албад очин дараа хичээлийн улиралд шалгалтанд оролцох зөвшөөрөл авна.
Арван тавдугаар заалт. Шалгалтан хуулсан оюутны тус хичээлийн дүнг тэглэж, дахин шалгалтанд орох эрхийг хасна.
Арван зургаадугаар заалт. Дүнг “Өвөр Монголын анагаахын их сургуулийн бакалаврын оюутны дүнгийн удирдлагын тогтоол”-н (дотоодын эмнэлэг [2013]103 тоот бичиг)дагуу шийдвэрлэнэ.
Дөрөвдүгээр бүлэг. Сургуулийн харьяалалд өөрчлөлт орох
Арван долоодугаар заалт. Нэг хичээлийн улиралд гурван хичээл болон таван шүүлэгт унавал курс улирна. Хэрэв нэгдүгээр курс бол тухайн жилийн сүүлийн үеийн дүнг харж улираах эсэхийг шийдвэрлэнэ. Бакалаврын оюутан сургуульд байх хугацаандаа хоёроос дээш улирч болохгүй.
Арван наймдугаар заалт. Сургууль завсардах ба сурлагаа сэргээх
1. Доорх шалтгаанаар сургууль засвардаж болно:
① Өвчний улмаас эмчилгээний хугацаа хичээлийн улирлын 1/3 болон хоёр сар дарааллан үргэлжлэх үед
② Нэг хичээлийн улиралд өвчний улмаас чөлөө авсан хугацаа хоёр сар хүрсэн тохиолдолд
③ Онцгой шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан тохиолдолд
2. Гадаад оюутан сургууль завсардах тохиолдолд харьяа сургуульдаа өргөдөл гарган, институт болон салбар сургуулийн захирлын зөвшөөрлийг авна. Сургууль завсардах хугацаа ихэвчлэн нэг жил байх ба энэ хугацаанд оюутны хангамжийг эдлэхгүй болно.
3. Сургууль завсардах хугацаа дуусахаас өмнө сурлагаа сэргээх өргөдөл гарган, институтын зөвшөөрлийг авч нэг курс доош ангид орно. Тэтгэлгийн оюутан тэтгэлгийн хугацээнд төгсөж чадаагүй бол төгсөх хүртэлх сургалтын төлбөр болон байрны төлбөрийг өөрөө хариуцаж төлнө.
4. Хоёр долоо хоногийн дотор сурлагаа сэргээгээгүй тохиолдолд сургуулиас гарч буй гэж үзэн сургуулийн харьяалалыг цуцлана. Өвчний улмаас завсардсан оюутан эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа хавсаргах ба хил давж орж ирсэний дараа дахин үзлэгт орно.
5. Сургууль завсардсан хугацаа дууссан ч биеийн байдлын улмаас дахин нэг жил сунгах шаардлагатай оюутан эмнэлэгийн оношилгооны хуудсаараа дахин өргөдөл гаргах боломжтой ба сургууль завсардах хугацаа нийт хоёр жилээс илүүгүй байна.
Арван есдүгээр заалт. Сургуулиас гарах
1. Доорх тохиолдолд сургуулиас гарах:
① Хоёроос дээш улирсан тохиолдолд
② Сургууль завсардсан хугацаа дууссан ч сурлагаа сэргээгээгүй тохиолдолд, өргөдөл хоёр долоо хоногоос хэтэрсэн тохиолдолд
③ Заасан хугацаанд ямар ч шалтгаангүйгээр бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд
④ Сургуулиас заасан эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт ороход тэнцээгүй тохиолдолд
⑤ Биеийн байдлаас болж сургууль завсардахгүйгээр нэг хичээлийн жилд 1/3 илүү хугацаатай хичээлд яваагүй тохиолдолд
⑥ Албан ёсоор чөлөө авалгүй сургуулиас хоёр долоо хоног дарааллан сургуулийн хичээлд оролцолгүй явсан тохиолдолд
⑦ Тухайн хүн өөрийн хүслээр сургуулиас гарах тохиолдолд
2. Гадаад оюутны сургуулиас гарахад институт хавсрах материалыг дээш тайлагнан, салбар сургуулийн захирлаар дамжин сургуулийн захиралын оффист хүрч шийдвэр гарна. Хэрэв оюутан өөрийн хүсэлтээр сургуулиас гарвал үүнийг салбар сургуулийн захирал шийдвэрлэнэ.
3. Сургуулиас гарах оюутны материалыг сургууль гаргаж өгөн, институтээс харьяа бүхий боловсролын хэлтэст хүргүүлэн тухайн оюутанд өгнө. Онцгой тохиолдолд тухайн оюутанд хүрэх боломжгүй бол сургууль дотор зарлаж, долоо хоногийн дараа тус хүнд мэдээлэл хүрсэн хэмээн үзнэ.
4. Сургуулиас гарч буй оюутанд сургуулиас гарсан тодорхойлолт олгоно.
Хорьдугаар заалт. Сургуулиас шилжих болон мэргэжлээ солих
1. Их дээд сургуулийн оюутан онцгой шалтгаангүй бол сургуулиа сольж болохгүй.
2. Доорх тохиолдолд сургуулиас шилжих болон мэргэжлээ солино:
① Бие физилогийн улмаас тус сургууль эсвэл тус мэргэжлээр сурч чадахаа байсан тохиолдолд
② Сургуулиас онцгой хүнд нөхцөл байдалд буй нь хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тус сургуульд эсвэл тус мэргэжлээр сурч чадахгүй болсон тохиолдолд
3. Гадаад оюутан сургуулиас шилжих бол харьяа институтдээ өргөдөл гарган гарч буй сургууль болон шилжин очиж буй сургуулийн зөвшөөрөлтэй байна. Хувийн зардлаар суралцаж буй оюутан шилжих өргөдөл гаргавал сургуулийн сургуулиас гарах журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлэх ба төлбөрийг эргүүлэн олгохгүй болно.
4. Оюутан мэргэжил солих бол харьяа институтдээ өргөдөл гарган сургалтын албад мэдэгдэн хичээлийн дүнгээ шүүлгүүлэх ба салбар сургуулийн багшаар тус асуудал шийдвэрлэгдэнэ.
5. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр сургуулиас шилжих болон мэргэжлээ солино. Хүсэлт хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө уг сургуульдаа өмнөх мэргэжлээрээ суралцана.
Тавдугаар бүлэг. Төгсөх, сурлага дүүргэх болон дипломгүй төгсөх
Хорин нэгдүгээр заалт. Сургуулийн харьяалалтай гадаад оюутан нь сургуулийн боловсролын тогтолцоонд заасан бүх судлах ёстой хичээлийг судалж тэнцсэнээр төгсөлтийн диплом болон дээд боловсролын гэрчилгээ авна.
Хорин хоёрдугаар заалт. Гадаад оюутан нь сурлагын дүнгийн улмаас төгсөж чадахгүй тохиолдолд өргөдөл гарган суралцах хугацааг нэг жил сунгана. Мөн сунгасан хугацаан дахь сургалтын төлбөр болон байрны төлбөрийг төлнө. Хэрэв заасан хугацаанд суралцах хугацааг сунгах өргөдөл гаргаагүй бол сурлага дүүргэсэн хэмээн үзэн диплом олгохгүй.
Хорин гуравдугаар заалт. Сургуулиас заасан хамгийн урт суралцах хугацаанд тэнцээгүй шалгалт байвал төгсөлтийн гэрчилгээ олгохгүй ба зөвхөн сурлага дүүргэсэн гэсэн гэрчилгээ олгоно. Хичээлийн шалгуурт тэнцээгүй оюутан сургалтын албад өргөдөл гаргаснаар шалгалт өгөн тэнцвэл төгсөлтийн гэрчилгээ авах боломжтой.
Хорин дөрөвдүгээр заалт. Тус сургуульд нэг жилээс дээш сурсан сургуулиас гарагч оюутанд сурч байсан нь үнэн гэсэн гэрчилгээ олгох ба үүн дээр сурч байсан хугацаа болон судлаж байсан мэргэжил бичигдэнэ.
Хорин тавдугаар заалт. Эрдмийн зэрэг олгох
1. Сургуулийн сургалтын системд заасан бүх хичээлийг судалж дүүргэсэн, дипломын ажил нь тэнцсэн, хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн, уламжлалт анагаах ухааны мэргэжлийн шалгалтын 4 ба түүнээс дээш зэрэгтэй оюутанд бакалаврын гэрчилгээ олгоно.
2. Доорх тохиолдолд эрдмийн зэрэг олгохгүй:
① БНХАУ-н хууль тогтоомж болон сургуулийн дүрэм журмыг зөрчиж, ноцтой сануулга хоёр удаа авсан тохиолдолд
② Тус бүлгийн нэгдүгээр заалтыг хангахгүй тохиолдолд
③ Хятад хэлний шалгалтын хуурамч гэрчилгээ үйлдсэн тохиолдолд
3. Оюутны дипломын ажил шаардлага хангаагүй эсвэл хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 4-р дэсийг авч чадаагүй тохиолдолд нэг жилийн дотор дахин дипломоо хамгаалж, хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгч болох ба тэнцсэн тохиолдолд бакалаврын гэрчилгээ авч болно.
Хорин зургаадугаар заалт. Төгсөлтийн гэрчилгээ, сурлага дүүргэсэн гэрчилгээ болон эрдмийн зэргийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд сургалтын албад өргөдөл гарган батламж гаргуулж авна.
Зургаадугаар бүлэг. Хавсралт
Хорин долоодугаар заалт. Уг заалтууд нь манай сургуулийн бүтэн өдрийн ангийн бакалаврын мэргэжил тус бүрийн гадаад оюутанд хамаарна. Магистерийн оюутан сургуульд элсэн орж, олон улсын боловсролын институтэд бүртгүүлсний дараа “Өвөр Монголын анагаахын их сургуулийн магистрын оюутнуудын сургуулийн харьяалал удирдах дүрэм”-н дагуу явна.
Хорин наймдугаар заалт. Уг заалтыг хэвлэн нийтэлсэн өдрөөс хүчин төгөлдөр байх ба өмнөх заалт тухайн үед хүчингүй болно. Тус заалтын тайлбарыг олон улсын боловсролын институт хариуцна.